Энэ тойргийн хамгийн сонирхолтой тоглолт нь Монголын хөлбөмбөгийн Дээд лигийн түүхэн дэхь хамгийн олон түрүүтэй хоёр баг болох Хаан хүнс-Эрчим болон Хангарьдын хооронд болж өнгөрлөө.
Эрчимтэй тоглосон сүүлийн 4 тоглолт Эрчим 7:1 Хангарьд, Хангарьд 3:3 Эрчим, Эрчим 0:2 Хангарьд, Хангарьд 3:3 Эрчим гэсэн үр дүнгээр өндөрлөж байсан бөгөөд энэ удаагийн тоглолт хайнаа хагалах тоглолт байлаа.
2 багийн тоглолтод маш олон гоол орж, сонирхолтой өрнөдөг бөгөөд өмнө тэнцсэн 2 тоглолтын нэмэлт цагт Эрчим гоол хийж тэнцээ аваад байв.
13 дурааг тойрогт Дэрэнтэй хийсэн тоглолт нилээн ширүүн уур амьсгалтай, олон тоглолч хуудас авсан тоглолт болсон бөгөөд тэр тоглолтод Хангарьдаас нийт 6 тоглолгч+ахлах дасгалжуулагч (нийт 7) шар хуудас авсан. Лигийн дүрэм ёсоор 3 шар хуудас авсан Базархүү, Энх-Эрдэнэ, Ц.Билгүүн болон ахлах дасгалжуулагч Эрдэнэбаяр нар Эрчимтэй хийх тоглолтод оролцох боломжгүй болсоноос гадна өмнөх тоглолтуудын гараанд тогтмол гарч, талбайн төвд тоглолтын хэмнэлийг маш сайн удирдаж, найруулж байсан Гана тоглогч Аккуа булчингийнгийн бага зэргийн зовиуртай байсан тул эрсдэл гаргахгүй тулд түүнийг сэлгээнд үлдээсэн юм. Тэднийг орлож Нигер довтлогч Лаурэнс, Узбек хагас хамгаалагч Муминов, хагас хамгаалагч Дөлгөөн нар анх удаа гарааны 11 тоглогчийн бүрэлдэхүүнд нэрлэгдэн бол Энх-Эрдэнэийг орлож Гантогтох гараанд гарлаа.
Хангарьд тоглолтын эхнээс хүчтэй шахаж тоглож байсан боловч 8 дах минутад талбайн төвөөс орж ирсэн Эрчимийн Япон тоглогч Хирояа Киёмото манай хаалгач Ариунболдын ялимгүй урагшаа гарсан байгааг анзааран 20 орчим метрээс хаалгачийг давуулан цохьсон бөмбөг 90-н буланд орчих нь тэр.
Ингэсэнээр Хангарьд 5 тоглолт дарааллан хаалгандаа гоол алдаагүй байсан цуврал зогсов. Санаандгүй гэмээр байдлаас гоол алдсан ч Хангарьд тасралтгүй довтолсоор байсан бөгөөд Эрчим үе үе аюултай сөрөг довтолгоо зохион байгуулах байдлаар тоглолт өрнөж байлаа.
28 дах минутад баруун жигүүрээр орж ирсэн бөмбөгийг Дөлгөөн торгуулийн талбайд тун сайн эзэмшиж Юутад дамжуулав. Юута ч тэр даруй 16 шугам дээр чөлөөтэй байсан Муминовт бөмбөгийг дамжуулав. Узбек залуу энэ боломжийг алдалгүй хүчтэй цохилтоор бөмбөгийг хаалга руу явуулахад эсрэг багийн хамгаалагч Шо Накамурагийн өвдөгнөөс хачир авсан бөмбөг хаалганд орж, тооны харьцаа 1:1 болж тэнцлээ.
Тооны харьцааг тэнцүүлээд удаагүй байтал 32 дах минутад Эрчимийн шахалт амжилттай болж хаалгач Ариунболдоос багийн ахлагч Баярцэнгэлд дамжуулсан бөмбөгийг эсрэг багийн довтлогч Мишима Юута таслан, бөмбөгийг хаалга руу хүчтэй цохилтоор явуулсан нь гоол болчихов. Хялбархан гэмээр 2 гоолыг хаалгандаа алдсан ч Хангарьд тасралтгүй урагшилж, дахин гоолын боломж бий болгохыг хичээсээр байлаа. Энэ нь ч үр дүнгээ өгч Гантогтох хамгаалалтын бүсээс эсрэг багийн гурван ч тоглогчийг давуулан өгсөн бөмбөг Содбилгүүн дээр ирэхэд тэрээр бөмбөгийг тогтоон, ардаа байсан Тэмүүлэнд дамжуулав. Манай мэргэн бууч Тэмүүлэн энэ сайхан боломжийн алдалгүй ашиглаж, лигийн 11 дэхь гоолоо оруулж, тооны харьцааг 2:2 болгож тэнцүүлэв.
Тоглолтын 2 дугаар үед ч манай залуус бөмбөгийг илүүтэй эзэмшиж, аюултай довтолгоонуудыг тасралтгүй зохион байгуулсаар байсан бөгөөд эсрэг баг эхний үеийн адилаар сөрөг довтолгоо хийж байлаа. 2 дугаар үеийн дунд хэсэгт эсрэг баг 16-н гаднаас маш хүчтэй цохьсон бөмбөг хаалганд маш эвгүй ирсэнийг хаалгач Ариунболд маш чадварлагаар хааж, гоол алдах аюулаас холдуулж чадсан нь тоглолтыг онцлох мөчүүдийн нэг байв.
Тоглолтын 70 дах минут... Содбилгүүн баруун жигүүрт бөмбөгийг эзэмшиж байсан бөгөөд араас орж ирсэн Тэмүүлэнд бөмбөгийг дамжуулахад, хаалгачийн баруун доод буланд цохиж багийнхаа 3 дах гоолыг оруулсанаар Хангарьд энэ тоглолтод анх удаа тоглолтыг хошуучилж эхэлсэн.
Тэмүүлэн энэ тоглолтод 2 гоол оруулсанаар, энэ улиралд түүний оруулсан гоолын тоо 12 болж, лигийн мэргэн буучдын жагсаалтыг дахин ганцаараа тэргүүлж эхэллээ.
Энэ чухал тоглолтод гарааны бүрэлдэхүүнд анх удаа гарч тоглосон Дөлгөөн, Муминов, Лаурэнс нар байрлал бүртээ маш сайн тоглолт үзүүлсэн бол Гантогтохоор сэлгэгдэн орж ирсэн Япон хамгаалагч Саеки, Муминовоор сэлгэгдэн орж ирсэн 17 настай залуу тоглогч Эрдэнэхөлөг ч мөн адил сайн тоглолоо. Хөлөгөөгийн хувьд тоглолтын төгсгөлд хэд хэдэн гоолын боломж үүсгэж, гоёмсог тоглолт үзүүлсэн ч хараахан гоолын самбрт нэрээ бичүүлж амжилгүй тоглолтын цаг дуусаж, Хангарьд 2:3 харьцаагаар хожил байгууллаа.
Ийнхүү Хаан хүнс-Эрчим багийг буулган авсанаар Хангарьд 23 оноотой болж, форм сайтай байгаагаа дахин харуулж, Лигийн 3 дугаар байрт дэвшин орж ирлээ.
Бид одоогоор Монголын Дээд Лигийн сүүлийн 7 тоглолтоос 6 хожил, 1 тэнцээ (WWWWWDW) аваад байна...
Хангарьд багийн дэмжигч та бүхэн дараа дараагийн тоглолтуудыг МХБХ-ны талбайд ирж үзэнгээ, хоорондоо танилцацгааж, хамтдаа багаа дэмжихийг уриалж байна.