“Хангарьд” клуб AFC Challenge League-д Монгол Улсаа төлөөлөн оролцоно

2024–2025 оны улиралд Монголын хөлбөмбөгийн Дээд лигт амжилттай тоглож, дэд байрт шалгарсан “Хангарьд” клуб Азийн хөлбөмбөгийн холбооны AFC Challenge League-д Монгол Улсаа төлөөлөн оролцохоор боллоо. Энэ тэмцээн нь бүс нутгийн шилдэг клубүүд олон улсын тавцанд ур чадвараа сорих томоохон боломж юм.

khangarid_afc

“Хангарьд” клуб эхний тоглолтоо ирэх 8 сарын 12-ны өдөр 18:30 цагаас Тайванийн Дээд лигийн аварга Tainan City FC багийн эсрэг Taipei Municipal Stadium-д зочлон хийхээр товлогдсон. Энэ нь “Хангарьд”-ын хувьд олон улсын тэмцээнд оролцож буй анхны том сорилт юм.

Тус тэмцээнд мөн Монголын хөлбөмбөгийн Дээд лигийн аварга СП Фалконс баг оролцох бөгөөд тэд 8 сарын 12-нд 15:00 цагаас Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнд эхний тоглолтоо хийнэ.

khangarid_rstage11

Шинэ бүтэц, шинэ нэршилтэйгээр зохион байгуулагдаж буй AFC Challenge League-д Азийн бүс бүрийн шилдэг 18 клуб хүч үзэх ба тэмцээний нийт шагналын сан 4.42 сая ам.доллар юм.

Энэхүү тэмцээн нь зөвхөн өрсөлдөөнөөс гадна бүс нутгийн хөлбөмбөгийг хөгжүүлэх, клубүүдийн туршлага солилцох, олон улсын тавцанд гарах чухал шат болж байна. Монголын хоёр төлөөлөгч — СП Фалконс болон Хангарьд клубууд AFC Challenge League-д оролцож, Азийн хөлбөмбөгт өөрийн байр сууриа харуулахыг зорьж байна.

Монголын Хөлбөмбөг сонирхогч бидний хувьд энэ бол дэмжих, догдлон хүлээх үнэ цэнтэй мөч юм.

07 сарын 23, 2025